Мэдээ, Тавилга

СКАНДИНАВ ЗАГВАРЫН ХҮҮХДИЙН ӨРӨӨ БҮТЭЭХ НЬ

Хойд зүгийн сэрүүн уур амьсгалтай бүсээс гаралтай энэхүү дизайны чиг хандлага нь XX зуун буюу 1950-иад оны үеэс түгэн дэлгэрсэн. Энгийн бөгөөд маш тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг учраас интерьер болон загварын салбарынханд таалагдсаар ирсэн юм. Мөн ихэнх хүмүүс минимал хэрнээ илүү тухтай амьдрахын тулд скандинав дизайныг сонгодог. Тиймээс дэлхийн тренд жагсаалтын тэргүүлэх эгнээнээс хэзээ ч бууж байгаагүй энэхүү дизайнаар хүүхдийн өрөөгөө хэрхэн тохижуулж болох санааг та бүхэндээ танилцуулж байна.

Скандинавиан дизайныг таних онцлогууд

Цулгуй цэвэр модон шалтай байхыг эрхэмлэдэг. Өөрөөр хэлбэл хивс, хивсэнцэр төдий л ашигладдаггүй. Модон шал голлодог. Харин амарч тухлах хэсэг буюу буйдан, орныхоо хөлд хонины нэхий, үслэг дэвсгэрийг ихэвчлэн дэвссэн байдаг. Зөвхөн шал гэлтгүй хана, тавилга, шүүгээг хүртэл модон байлгахыг илүүд үздэг. Энэ нь нөгөө талаараа Скандинавын хүйтэн сэрүүн цаг уурын байдалтай холбоотой бөгөөд хүнд аль болох дулаан, байгальтай ойр мэдрэмжийг өгөх элементүүдийг хэрэглэдэг.

Суурь өнгө ихэвчлэн цагаан, цайвар байна. Учир нь Скандинавын орнуудын өвөл эрт харанхуй болдог учраас дотоод орчныг гэгээлэг харагдуулахын тулд цайвар өнгийг ашигласаар иржээ. Ер нь цайвар өнгө хүний сэтгэл санааг тайван байлгаж, эерэгээр нөлөөлдөг ба аль ч хэв маягт мөнхийн сонгодог шийдэл байж ирсэн.

Минимал. Олон төрлийн чимэглэл, хэт нүсэр тавилга, хээ угалзыг эндээс та олж харахгүй. Учир нь нэг өнгөөр дагнасан цулгуй байдал энэ загварыг илтгэх чухал шийдлийн нэг. Зайлшгүй хэрэгцээт зүйлийг агуулдгаараа минимал хэв маягтай дөхөх боловч илүү тухтай, бас байгалийн мэдрэмжийг төрүүлдгээрээ ялгардаг.

Сонирхолтой хэрнээ энгийн хийцтэй гэрэлтүүлэг. Скандинав загварын гол чимэглэл бол гэрэл. Ингэхдээ олон өнгөөр бус дан өнгөөр асдаг гэрлийг ашигладаг. Мөн ерөнхий гэрэлтүүлэг нь гэрлийн бүрхүүлгүй энгийн чийдэн байх нь элбэг.

Тасалгааны ногоон ургамалууд. Янз бүрийн тасалгааны ургамлууд нь модон эдлэлтэй тун сайн нийцэхээс гадна цулгуй орчныг амьд харагдуулах бяцхан “ид шидтэй”. Мөн буйдан, том нэхээстэй хөнжил, бүтээлэг, хөвсгөр ор зэрэг зөөлөн эдлэл их байдаг бөгөөд тав тухыг дээд зэргээр мэдрүүлдэг.

Хамгийн эко материалуудыг ашигласан байдаг. Мод, сүлжмэл сагс, минимал байхыг уриалж буй хандлага скандинав загвараас ажиглагдах болно.

Авсаархан зай бага эзэлдэг тавилганаас бүрддэг. Ихэнхдээ модон эдлэлтэй хоршин зөөлөн эдлэл голлосон байдаг. Жишээ нь даавуу юмуу хөвсгөр гадаргуутай буйдан, амьтны үсэн дэвсгэр, янз бүрийн хэлбэртэй дэр, мөн гэрийн гол уур амьсгалыг бүрдүүлэгч шар пендант гэрэл. Ихэнх дизайнерууд минимал загвар хэт хоосон, уйтгартай байх талтай учраас үслэг зөөлөн эдлэл, буйдан зэргийг нэмж интерьерийг арай илүү зөөллөж өгдөг гэж үздэг.

Дашрамд сануулахад скандинав дизайны төгс илэрхийлэл, дээрх зургуудад буй Данийн 100% эко брэнд Flexa-н тавилгуудыг та бүхэн манай дэлгүүрийн 1-р давхараас сонгон авах боломжтой.