Аль ч улиралд шинэ трэндийн хамгийн чухал хэсэг нь өнгө байдгийг та анзаарсан уу? Хэрэв та навчис шарлаж эхлэх энэ үед ямар өнгийн, ямар загварын хувцас өмсөхөө хараахан шийдэж чадаагүй байгаа бол хариултаа эндээс олоорой.
Загварлаг бүсгүйчүүдийн хамгийн дуртай улирал яагаад намар байдаг вэ? Учир нь зуны турш найзалсан дэгжин даашинз, намрын загварлаг хүрмээ давхарлаж өмсөөд дулаахан хэрнээ загварлаг харагдаж чаддаг учраас тэр. Харин ингэхдээ энэ улирлын трэнд болж буй цүнх, гутал, хүзүүний алчуур, пальтоноос сонгож дүр төрхөө шинэчлээрэй.
2019-2020 оны намар/өвлийн загварын шоунууд дээр хүрэн улаан, маргад эрдэнийн ногоон, цагаан, улаан болон хул шар өнгө хамгийн их харагдаж байсан бол барын эрээн толбо, могойн эрээн хээ зэрэг амьтны хээ хуар энэ намрын халуухан трэндэд тооцогдож байна.
Маргад эрдэнэ
Зөвхөн эрүүл амьдрал болон эрүүл хооллолт сонирхдог хүмүүс л ногоон зүйлст дуртай биш шүү дээ. Энэ намар фисташки самар, авакода, олив жимсийг санагдуулам амттай ногоон өнгөөр дүүрэн байх нь. Гааны ногооноос эхлээд маргад эрдэнийн ногоон хүртэл аль өнгө нь танд илүү зохимжтой байгааг олж мэдээрэй.
Яг л сарнай шиг
Улаан өнгө хэзээ ч трэндээс гардаггүйг загварлаг бүсгүйчүүд маань мэднэ. Энэ жилийн хувьд намрын цуглуулга дунд сарнайн хилэн улаан, гүзээлзгэнийн ягаан улаан хүч түрэн орж иржээ. Бусдын анхаарлын төвд байж, хүчирхэг эмэгтэй гэдгээ харуулахыг хүсвэл толгойноос хөл хүртлээ улаан өнгөөр гангарч, эсвэл цагаан, хар болон бүдэг ягаан өнгөтэй хослуулан намар, өвлийн алинд ч өмсөж болох дүр төрхийг бүрдүүлээрэй.
Нархан минь…
Гадаа сэрүүн болж, намар цаг болоход ихэнх хүн тод өнгийн хувцас өмсөхөөс эмээдэг. Гадаа хүйтэн боллоо гээд гал халуун илчээ алдах ёстой гэсэн үг биш шүү дээ. Хурц тод биш гичний шар, хул шаргал өнгө таныг нар мэт гэрэлтүүлэх болно.
Байгалийн нэг хэсэг
Зэрлэг байгалийн амьтдаас санаа авсан хээ хэзээ ч моодноос гардаггүй гэдгийг бүсгүй та мэдэх байх. Энэ улиралд хурц тод өнгийн дэвсгэртэй барын эрээн хээ, цагаан болон саарал дэвсгэртэй могойн хээ загварын томоохон хотуудыг шуугиулж байна Тод өнгийн барын эрээн хээтэй цув, пальто, аксессуарыг цулгуй өнгөөр блок хийж болох юм.
Цагаан
Ямар ч улиралд цагаан өнгө хамгийн зөв сонголт байж чаддаг. Хаана ч, юун дээр ч төгс зохицох цагаан цамц, өмд, гадуур хувцас хүн бүрийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой.